Б. Жаргалсайхан

Шинэ блогийн хаяг:
http://bjagaa.blog.banjig.net

2009-10-07

Экспертийн дүгнэлт, түүний эрх зүйн зохицуулалт

МУ-ын ЭБШХ-д зааснаар шинжээчийн дүгнэлт нуталгааны гол эх сурвалжийн нэг. Харин ардчиллыг буцалтгүй баримтлан хөгжиж байгаа Монгол орны өнөөгийн шаардлагын өнцгөөс харвал ЭБШ ажиллагаанд оролцогч - шинжээч хэмээх субъектын эрх зүйн зохицуулалт, тодорхойлолт, эрх, үүрэг зэргийг журамласан зүйлүүдэд шүүмжтэй хандмаар, залруулж өгөхөөр залруулж өгүүштэй нэр зүйл нилээд бий.

Тус хуульд зааснаар “шинжээч, шинжилгээ” гэдэг нэрээс эхлэе. Нэрт криминалист, доктор Ж. Хурцгэрэл «ЭБШЭЗ-д экспертизийг “шинжилгээ” хэмээн авч үздэг нь буруу. Шинжилгээг хэн ч хийнэ. Харин экспертизийг шинжлэх ухааны танин мэдэхүйн тухайн салбарт тусгайлан бэлтгэгдсэн, түүнийг хийх эрх бүхий мэргэжилтэн хийх бөгөөд түүнийг эксперт гэж нэрлэдэг»[1] гэсэн бий.

Эксперт гэдэг нь шинжлэх ухаан, техник, урлаг, гар урлалын салбарт тусгай мэдлэг эзэмшсэн этгээдийг хэлэх бөгөөд манай ЭБШХ шаарддаг шиг зохих байгууллагад ажилладаг байх шаардлага огт байхгүй.

Харин ЭБШ ажиллагааны эксперт гэж тусгай мэдлэг эзэмшсэн бөгөөд, эрх бүхий субъект хуульд заасан үндэслэл, журмын дагуу экспертиз хийлгэхийг даалгасан этгээдийг хэлэх ёстой. Гэмт үйлдэл, этгээдийг тогтоох, нутлах зэргээр явуулж буй мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоох шаардлагатай асуултанд хариу өгч чадахаар тусгай мэдлэгийг шинжлэх ухаан, техник, урлаг, гар урлалын салбарын аль нэгэнд ЭБША-ны эксперт эзэмшсэн байх зайлшгүй шаардлагатай бөгөөд эрх бүхий субъект түүнд ЭБШХ-ийн зохих журмын дагуу экспертиз хийхийг даалгасан байх ёстой. 

 Эрх бүхий субъектын даалгасныг үндэслэл болгон судалгаа хийж, тогтоосон баримтыг түүнд тавьсан асуултанд хариулан бичгээр илэрхийлснийг экспертийн дүгнэлт гэнэ.

Асуусан асуултанд хариу өгч дүгнэлт гаргахаар экспертэд ирүүлсэн объектуудад шинжлэх ухаанлаг аргачлалыг мөрдөн судлан шинжлэх ажиллагааг экспертиз гэнэ.

Мөрдөн байцаалтын зарим ажиллагаа явуулахад туслуулахаар оролцуулдаг мэргэжилтнээс экспертийг ялгаж ойлговол зохино. Шинжлэх ухаан, техник, урлаг, гар урлалын салбарт тусгай мэдлэг эзэмшсэнээрээ мэргэжилтэн эксперттэй адил боловч нэгдүгээрт; мөрдөн байцаалтын ажиллагаанд нуталгааг илрүүлэх, бэхжүүлэх, тусгаарлан авах; тусгай техник, хэрэгсэл ашиглах; өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд талуудад зөвлөгөө, тайлбар өгөх; экспертэд тавих асуултыг боловсруулах зэрэгт туслуулахаар түүнийг оролцуулдаг, хоёрдугаарт; экспертиз хийж, дүгнэлт гаргах эрхгүйгээрээ экспертээс ялгаатай байдаг.

Манай одоо мөрдөж буй ЭБШ хуульд “мэргэжилтний эрх зүйн байдлыг тухайлан заагаагүй”[2] бөгөөд мөрдөн байцаалтын аливаа ажиллагаанд экспертиз хийлгэж дүгнэлт гаргуулахаар оролцуулах ёстой экспертийг мэргэжилтнээр оролцуулдаг. “Манайд криминалистикийн болон шүүх эмнэлгийн шинжээчдийг учралын газрын үзлэгт мэргэжилтнээр түгээмэл оролцуулдаг нь ЭБШ хуулийн заалтыг зөрчиж байгаа хэрэг. Учир нь: ЭБШХ-ийн 46.1-д зааснаар шинжээчийг шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулахын тулд ЭБШ ажиллагаанд оролцуулах ёстой болохоос мөр илрүүлэх, бэхжүүлэх, цуглуулах, тусгай техник хэрэгсэл ашиглах, шинжээчид тавих асуултыг боловсруулах зэрэгт туслах, өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд талуудад элдэв асуултыг тайлбарлаж өгөх зэрэг үүрэг хүлээдэг мэргэжилтнийг төлөөлүүлэн оролцуулах ёсгүй. Нэгэнт хуульд заагаагүй үүрэг хүлээн үзлэгт оролцсон шинжээчийн тусгай мэдлэг, хэрэгсэл ашиглан илрүүлж, бэхжүүлсэн мөр, боловсруулсан асуулт, өгсөн зөвлөгөө хуулийн хүчин төгөлдөр эсэх, үзлэгт оролцсон шинжээч өөрийн илрүүлсэн мөр, зүйлд шинжилгээ хийж болох эсэх, ийм дүгнэлт хүчин төгөлдөр эсэх зэрэг асуултууд практикт шийдлээ хүлээсээр байна”[3].

Үүнтэй холбоотойгоор, дээрхи үүрэг бүхий “Мэргэжилтэн” гэсэн оролцогчийг ЭЦШХ-д оруулж түүний эрх, үүргийг экспертийнхтэй төстэйгээр:

-           Зохих тусгай мэдлэгийг эзэмшээгүй бол ЭБША-нд оролцохоос татгалзах,

-           эрх бүхий субъектын зөвшөөрлөөр ЭБША-ны оролцогчдод асуулт тавих

-           өөрийн оролцсон ЭБША-ны тэмдэглэлтэй танилцаж санал оруулахыг шаардах

-          эрх бүхий субъект түүний эрхийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэл гаргасан бол гомдол гаргах эрхтэй гэсэн заалт оруулж, мөрдөн байцаалтын нууцыг задруулахыг хориглох шаардлагатай гэж бид үзэж байна.

Экспертизийн байгууллага гэж чухам ямар байгууллагыг хэлэхийг болон экспертизийн байгууллагын дарга гэсэн тодорхойлолтыг манай ЭБШХ гаргаж өгөөгүй. Зүй нь экспертизийн байгууллага гэж тодорхой төрлийн экспертизийг явуулахад шаардагдах тусгай мэдлэгийн хүрээнд эрдэм шинжилгээ, туршилтын болон экспертизийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллагыг хэлэх ёстой.

ОХУ-ын ЭБШХ-ийн 5 дугаар зүйлд: “Экспертиз хийх байгууллага гэж шүүх экспертизийн төрийн, эсвэл энэ хуульд заасан журмын дагуу экспертиз хийхийг даалгасан бусад байгууллагыг хэлнэ” гэсэн тодорхойлолт бий. Энд шүүхийн биш, шүүх экспертиз гэж, шүүн таслах ажиллагааг бүхэлд нь хэлсэн байгааг зориуд дурьдвал зохино. Хэрэв шүүхийн гэж тэмдэг нэрээр ойлгох юм бол тэр байгууллага өөрийн харъяалагддаг шүүхдээ л ганцхан үйлчлэх тул цагдаагийн, прокурорын, тагнуулын гэхчлэн экспертизийн баахан байгууллага байгуулах шаардлага гарна.  

Мөн хуулиар “Хэрэг бүртгэх байгууллагын дарга – энэ хуулиар процесийн зарим эрх олгосон бөгөөд хэрэг бүртгэгчид хэрэг бүртгэх ажиллагаа явуулахыг даалгах эрх бүхий, хэрэг бүртгэх байгууллагын албан тушаалтан”,

“Мөрдөн байцаах албаны дарга – мөрдөн байцаалтын зохих байгууллагыг толгойлж буй албан тушаалтан болон түүний орлогч” гэж тодорхойлж өгдөг, манай ЭБШХ-д ч гэсэн экспертизийн байгууллага болон түүний даргыг үүнтэй төстэйгээр тодорхойлж оруулж өгөх шаардлагатай.

Тусгай мэдлэгийн тухай товч ойлголт. Хуульд зааснаар, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах үед тусгай мэдлэг ашиглах шаардлагатай байгаа тохиолдолд экспертизийг хийлгэдэг.

Тусгай мэдлэг гэж нийтэд түгээмэл бус, хүн бүр эзэмшсэн байх боломжгүй, шинжлэх ухаан, техник, урлаг, гар урлалын тодорхой салбарт зөвхөн тусгай бэлтгэл хийсний дүнд эзэмшсэн, эсвэл эдгээр салбарт мэргэшсэн туршлага хуримтлуулсны дүнд суусан тийм мэдлэгийг хэлнэ. Тусгай мэдлэгийн талаар эрдэмтэд янз бүрийн тодорхойлолт өгдөг.

А. А. Эйсман тусгай мэдлэг гэж “Бүх хүнд тодорхой бус, хүн бүр эзэмших боломжгүй”, “Мэргэжлийн тодорхой бүлэг эзэмшсэн тийм мэдлэгийг хэлнэ”[4] гэж тодорхойлсон бол З. М. Соколовский: “Тусгай мэдлэг гэсэн ойлголтонд мэргэжлийн тусгай бэлтгэл хийсний дүнд эзэмших, эзэмшигчдээ аливаа салбарт асуултыг шийдэх боломж олгодог мэдээллийн цогцыг ойлговол зохино”[5] хэмээн нарийвчилж өгсөн байдаг.

Ю. Г. Корухов тусгай мэдлэгт “Нутлах зорилгоор ашиглах, шинжлэх ухаан, техник, урлагийн тодорхой салбар дахь мэдлэгийн цогцыг”[6] оруулдаг.

П. П. Ищенко тусгай мэдлэгийг шүүн таслах ажиллагааны өнцгөөс тайлбарлаж: “Нуталгааг илрүүлэх, бэхжүүлэх болон тусгаарлан авахад дөхөм үзүүлэх, мэргэжлийн бүхий л мэдлэгийг хэлнэ”[7] гэсэн бий.

Харин В. Н. Махов тусгай мэдлэгт тусгайлсан тодорхойлолт өгөөд байх шаардлагагүй, ердөө л: “ЭБШ хуульд заасан үндэслэл болон тохиолдолд хэргийн бодит үнэнийг тогтооход дөхөм үзүүлэх зорилгоор мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаа явуулахад ашигладаг, мөрдөн байцаагчид болон шүүгчдийн мэргэжлийн мэдлэгээс бусад төрөл бүрийн мэргэжлийн үйл ажиллагаан дахь мэдлэгийг хамааруулна”[8] гэж үздэг.

Тиймээс онолын хувьд “Тусгай мэдлэг гэж нуталгааг илрүүлэх, бэхжүүлэх, цуглуулах, ашиглахад дөхөм үзүүлэх мэргэжлийн болон практикийн бүхий л мэдлэгийг хэлнэ” гэсэн тодорхойлолт өгвөл энэ бүхнийг нэгтгэсэн тодрхойлолт болно гэж бид үзэж байна.

Экспертизийн зүйл нь экспертийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд, түүнээс асуусан асуултын дагуу хийх судалгааны ажил мөн. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага, шүүхийн шууд үүрэгт багтдаг эрх зүйн шинжтэй асуулт болох гэм буруугийн тухай, аливаа үйлдлийг санаатай болон санамсаргүй үйлдсэн болох, тодорхой бодит баримтын нутлах ач холбогдлын тухай зэрэг асуултыг экспертэд тавихыг хориглох бөгөөд энэ тухай ЭБШХ-д “Хууль хэрэглэх, хуулийн зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулах асуудлаар шинжээч томилохыг  хориглоно” гэж заасан бий /ЭБШХ-ийн 155 дугаар зүйлийн 5/.

Экспертийн дүгнэлтийн агуулга нь судлагааны дүнд экспертийн хүрсэн дүгнэлт, эсвэл гаргасан тайлбар байх бөгөөд эрх бүхий субъектын ирүүлсэн объектод эксперт тусгай мэдлэгээ ашиглан хийсэн шинжлэх ухаанлаг судлагаанд үндэслэнэ. Экспертиз хийж, дүгнэлт гаргахын тулд эксперт, шаардлагатай тохиолдолд, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж буй субъектын зөвшөөрсөн хэмжээнд хэргийн материалтай танилцах, хүмүүсийг байцаахад ба мөрдөн байцаалт, шүүхийн бусад ажиллагааг явуулахад байлцах, байцаагдаж байгаа хүмүүст шинжилгээтэй холбогдох асуулт тавьж болно /ЭБХШ-ийн 46.4.1; 46.4.3./.

Эрх бүхий субъект экспертиз хийлгэх тухай тогтоолдоо гэмт хэргийг хэдийд, ямар нөхцөлд, хэн, хэрхэн үйлдсэн, юуг тогтоох, нутлуулах шаардлагатай байгаа байгаа зэргийг тогтоолын “Хэргийн болсон байдал” хэсэгт дэлгэрэнгүй бичиж, шаардлагатай тохиолдолд учралын газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг зүйлийг ирүүлэх нь экспертэд асуулт түүний эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд багтаж байгаа эсэх, мөрдөн байцаагч түүнээс асуултаа оновчтой асуусан эсэх, чухам юуг тогтоовол хэргийг нутлахад ач холбогдол өгөхийг баримжаалах зэрэгт хэрэг болдог боловч манайд хэргийн болсон байдлыг гол төлөв 2 үгүүлбэрт багтаан бичиж ирүүлдэг.

Практикт эрх бүхий субъект зарим тохиолдолд өөрийн бодлоо хэлж, түүнийгээ бусад зүйлээр батласнаа ярьж юуг, хэрхэн тогтоолгомоор байгаагаа хүсэлт гаргаж явдаг. Эксперт түүнд экспертиз хийлгэхийг даалгасан эрх бүхий субъектын үзэл бодолд захирагдах, түүнийг үндэслэл болгох буюу бусдаас илүүд үзэх ёсгүй бөгөөд бодит дүгнэлтээ өөрийн эзэмшсэн тусгай мэдлэг, хийсэн шинжлэх ухаанлаг судалгаа, хуримтлуулсан туршлагадаа үндэслэн, өөрийн дотоод итгэлээр гаргана.

Эксперт түүнээс асуусан асуултанд шууд дүгнэлт өгөх ёстой. Гэвч экспертизийн материал дүгнэлт хийхэд хангалттай бус зэрэг тодорхой шалтгааны улмаас дүгнэлтийг шууд бус, эргэлзээтэй хэлбэрээр өгч бас болно. Харин ийм дүгнэлтийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага, шүүх сэжигтний бурууг шийдэх үндсэн баримт болгон ашиглаж болохгүй. Экспертийн шууд бус болон эргэлзээтэй дүгнэлтийг таамаглал дэвшүүлэх, шалгах, тодорхой нөхцөл болон хэргийн болсон байдлыг тогтоох, тодруулахаар хийх мөрдөн байцаалтын ажиллагааг сонгох зэрэгт ашиглаж болох боловч гарцаагүй үнэн мэдлэгийг шаардсан, процесийн шийдвэр гаргах үндэслэл болгож болохгүй.

Экспертийн дүгнэлт тодорхой объектуудад экспертийн хийсэн судлагаа, биечлэн мэдэрсний дүнд бүрэлдэн тогтдог тул үргэлж анхдагч нутлах баримт болдог бөгөөд шууд, шууд бус, яллах болон цагаатгах байж болно.

Гэмт хэрэгт нутлах ач холбогдол бүхий аливаа зүйлийг тогтооход тусгай мэдлэг ашиглах зайлшгүй шаардлагатай үед экспертизийг заавал хийлгэнэ. МУ-ын ЭБШХ-д зааснаар үхлийн шалтгаан, гэмтлийн зэрэг, оролцогчдын сэтгэц зэрэг зарим зүйлийг зөвхөн экспертиз явуулж тогтооно /ЭБШХ-ийн 156 дугаар зүйл/.

Экспертийн эрх зүйн орчин. Манай ЭБШХ-ийн 46 дугаар зүйлд экспертийг “Шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулахын тулд зохих байгууллагын шинжээч, тусгай мэдлэг бүхий, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээдийг  шинжээчээр хэрэг бүртгэгч,  мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоолоор,  шүүгч захирамжаар томилно” гэж заасанд шүүмжтэй хандмаар зүйл нилээд бий.

Экспертийг зохих байгууллагын шинжээч байхыг болон тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээд байхыг шаарддаг нь илүүц зүйл. Учир нь эксперт тусгай мэдлэг эзэмшсэн байх болон түүнд эрх бүхий субъект экспертиз хийхийг даалгасан байх нь л гол шалгуур болохоос заавал хаа нэгтэй ажилладаг байх шаардлага тавьж болохгүй.

ЭБШХ-ийн долдугаар бүлэгт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлүүдийг болон оролцогчдыг татгалзан гаргахыг оролцогч тус бүрээр тодорхой зааж өгсөн тул хувийн сонирхолгүй байх тухай шаардлагыг экспертээс тусгайлан шаардах нь илүүц. 

Экспертийг эрх бүхий субъект тушаал гарган томилдог, харин дээрхи субъектууд түүнд экспертиз хийхийг даалгаж буй хэрэг.

Доктор Ж. Хурцгэрэл асан энэ талаар: “Шинжээчийг эрх бүхий албан тушаалтан, өөрийн тушаалаар томилсон байдаг. ЭБШЭЗ-д ямар нэгэн хүнийг албан тушаалд томилох журам байхгүй, тийм эрх ч байхгүй. Иймд экспертизийг томилох биш, экспертиз хийлгэх тухай тогтоол (постановление о назначении экспертизы) гаргана”[9] гэсэн бий.

Эксперт зохих байгууллагад заавал ажилладаг байх албагүй бөгөөд дээрхи 4 субъект түүнийг шинжээчээр томилож байгаа биш, түүнд экспертиз хийлгэхийг даалгадаг. Экспертизийг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх ажиллагааг журамладаг, ЭБШХ-ийн 159 дүгээр зүйлд “Шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжээч томилох эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол гаргасны дараа шинжилгээ хийхээр томилогдож байгаа шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, сэжигтэн, яллагдагч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл  байгаа эсэхийг шалгана” /ЭБШХ. 159.1./ гэж заасан нь өөрөө дээрхи шаардлагыг үгүйсгэдэг. Тусгай мэдлэг эзэмшсэн хэнийг боловч ЭБШ ажиллагаанд экспертээр оролцуулж болно.

ЭБШ ажиллагаанд зөвхөн хувь хүнийг л экспертээр оролцуулдаг бөгөөд албан газар, байгууллагыг экспертээр оролцуулах ёсгүй гэдгийг зориуд тэмдэглэх хэрэгтэй /ЭБШХ-ийн 158; 159/. Манай одоо мөрдөж байгаа ЭБШХ үүнийг шаардаж 155 дугаар зүйлд “Шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тэр тухай тогтоол гаргаж, түүндээ шинжилгээ хийлгэх үндэслэл, шинжээчийн нэр, шинжилгээ хийх хугацаа, шинжээчид тавих асуулт, шинжээчийн мэдэлд шилжүүлэн өгсөн эд зүйлийг тодорхойлон бичнэ /155.1./ гэж, 158 дугаар зүйлд “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжээчийг өөрөө томилох бөгөөд  шинжилгээний байгууллага нь шинжээчийн ажилласан байдал, мэргэшсэн чиглэлийг дурдсан нэрсийн жагсаалтыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах болон шүүх, прокурорын байгууллагад урьдчилан хүргүүлсэн байна.” гэж тус тус зааж өгсөн хэдий ч энэ нь амьдралд хэрэгждэггүй. Эрх бүхий субъектын шинжилгээ хийлгэх тогтоолд шинжээчийг биш, шинжилгээ хийлгэх байгууллагыг зааж, чухам хэнээр хийлгэхээ шинжилгээний байгууллагын дарга шинжээчдийн ажлын ачаалал, мэргэшил зэргийг харгалзан хуваарьладаг нь хэдийгээр маш зөв тогтолцоо боловч ЭБШХ-ийн дээрхи заалтуудыг зөрчдөг.

Экспертээр тусгай салбарт ажлын практик туршлага хуримтлуулсан, эсвэл зохих бэлтгэл, мэргэшилтэй, түүнд таарсан боловсролтой этгээдийг татан оролцуулна. Харин тогтоох асуулт нь практик туршлагын тусгай мэдлэг ашиглахыг шаардаж буй бол тодорхой боловсролтой байх гэсэн шаардлага тавих албагүй[10].

Эксперт тухайн хэрэгт хувийн ямар нэгэн сонирхол агуулалгүй, бодитоор хандах учиртай. МУ-ын ЭБШХ-ийн 57 дугаар зүйлд зааснаар, мөн хуулийн 49 дүгээр зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд шүүгч оролцож  болохгүй үндэслэл” экспертэд мөн адил хамаарах бөгөөд харин нэмэлт экспертиз хийлгэж буй бол өмнө оролцсон экспертийг татгалзах үндэслэл болохгүй. Сэжигтэн этгээд, хохирогч, иргэний нэхэмжлэгч болон хариуцагч зэрэг этгээдүүдээс эксперт албан тушаалын болон бусад хэлбэрээр эрхшээлд байгаа, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болсон материалыг эксперт шалган тогтоосон /шүүх эмч эксперт хүүрэнд хийх үзлэгт оролцсоноос бусад тохиолдолд/, тусгай мэдлэг эзэмшээгүй зэрэг бол түүгээр экспертиз хийлгэхийг хуулиар хориглоно. Харин дахин экспертиз хийлгэхэд өмнө дүгнэлт гаргасан эксперт оролцож  болохгүй.

“Шинжээч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн дуудсанаар ирж, тавигдсан асуултын дагуу дүгнэлт гаргах” үүрэг хүлээдэг /ЭБШХ-ийн 46.2/ боловч экспертизийг эксперт өөрийн ажилладаг байгууллага дээрээ хийж дүгнэлтээ шуудангаар голдуу явуулдаг нь амьдралд огт нийцдэггүй.

Дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол экспертийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэрээр цагдаагийн байгууллага албадан ирүүлнэ /46.5./ 

Хуульд заасан, оролцуулж болохгүй үндэслэл алга бол, удаан хугацаагаар томилолтоор явсан, өвчтэй байх зэргээс бусад тохиолдолд экспертээр заавал оролцуулна. Эксперт хүндэтгэх шалтгаангүйгээр дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргасан бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээнэ /46.6./.

Эксперт өөрийн үндэслэл бүхий тогтоолыг бичгээр гарган өгч түүнийгээ хариуцах ба /85.1./ экспертэд тавьсан асуулт түүний тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсвэл экспертизд ирүүлсэн материал дүгнэлт өгөхөд дутагдалтай байвал  дүгнэлт гаргах боломжгүй тухайгаа шинжилгээ хийлгэхээр даалгасан байгууллага, албан тушаалтанд  бичгээр мэдэгдэнэ /46.3./.

Экспертийн эрх зүйн байдлыг хангахаар ЭБШХ-д түүний эрхийг зааж өгсөн бий. Хуульд зааснаар, эксперт хэргийн материалаас экспертиз хийх  зүйлд холбогдох хэсэгтэй танилцах /46.4.1./; дүгнэлт гаргахад хэрэгцээтэй нэмэгдэл баримт сэлт ирүүлэхийг хүсэх /46.4.2./; хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн зөвшөөрөлтэйгээр хүмүүсийг байцаахад ба мөрдөн байцаалт, шүүхийн бусад ажиллагааг явуулахад байлцах,   байцаагдаж   байгаа     хүмүүст  шинжилгээтэй холбогдох асуулт тавих /46.4.3./ зэрэг эрхтэй.

Харин түүний эдлэвэл зохих эрхээс:

- Өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах,

-          адил болон өөр мэргэжлийн экспертийг татан оролцуулах хүсэлт гаргах,

-          Эрх бүхий субъектын үйлдэл, эс үйлдэл түүний эрхийг зөрчсөн тохиолдолд гомдол гаргах,

-          Шийдэх асуулт экспертийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнээс хальсан, эсвэл экспертиз хийх материал дүгнэлт гаргахад хангалтгүй байгаа бол дүгнэлт гаргахаас татгалзах зэргийг орхигдуулсан бий.

Мөн:

-          Эрх бүхий субъектын зөвшөөрөлгүйгээр экспертиз явуулахтай холбоотой асуудлаар талуудтай хэлцэл хийх

-          экспертиз хийхэд дутагдалтай материалыг бие даан цуглуулах

-          эрх бүхий субъектын зөвшөөрөлгүйгээр экспертизийн объектод хэсэгчилсэн буюу бүрэн өөрчлөлт оруулах арга хэрэглэх

-          Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлд заасан: Худал мэдүүлэг өгөх”, 255 дугаар зүйлд заасан “Гэрч, хохирогч мэдүүлэг өгөхөөс, шинжээч дүгнэлт гаргахаас татгалзах, зайлсхийх” талаар хууль сануулсаар байтал экспертиз хийх явцад олж мэдсэн мөрдөн байцаалтын нууцыг задлах зэргийг хуульчилж, ЭБШХ-ийн 46 дугаар зүйлд оруулж өгөх хэрэгтэй гэж бид үзэж байна.

Экспертиз хийх явцдаа эксперт түүний өөрийнх нь үзэж буйгаар уг хэргийг нутлах, шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зүйлийг тогтоовол түүнээс асуугаагүй байсан ч уг зүйлийг дүгнэлтэндээ тусгаж /162.3./, түүнд тавьсан асуултын хүрээнээс хальж хариулсан тухайгаа тайлбар хийнэ. 

Хуульд зааснаар, эксперт экспертиз хийхтэй холбоотойгоор гаргасан зардлыг гаргуулан авах эрхтэй бөгөөд түүнд олгох тээвэр, байр, хоолны зардлыг улсын төсвөөс санхүүждэг байгууллагад мөрдөж байгаа албан томилолтын зардлын хэмжээгээр, мэдүүлэг өгөхөөр шүүхэд дуудагдсан хугацаанд хөдөлмөрийн хөлсөөр хохирсон бол энэ хугацааны цалин, хөлсний дундаж хэмжээгээр /100.1.1./; ажлын хөлсийг харилцан тохиролцсоны үндсэн дээр /харин эрхэлсэн ажлын хувиар  уг үүргийг биелүүлсэн бол үүнд хамаарахгүй/; /100.1.2./ тус тус гаргуулан авна.

Экспертийн дүгнэлтийг үнэлэх. Экспертийн дүгнэлтийг ЭБШХ-ийн 162 дугаар зүйлд заасныг ягштал баримтлан гаргана. Нуталгааны энэ эх сурвалжийг хэдийгээр шинжлэх ухаанлаг судалгаанд үндэслэн гаргадаг боловч экспертийн мэдлэг, чадвар, хариуцлагаас шалтгаалан алдаа гарч болохыг үгүйсгэх аргагүй тулд түүнтэй адилтгах бусад эх сурвалжаас илүүд үзэх зүйл огт байхгүй. Тийм ч учраас МУ-ын ЭБХШ-д “Шинжээчийн дүгнэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх заавал баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлээ заасан байвал зохино” гэж заасан /85.4./. Энэ нь гэрчийн мэдүүлэг зэрэг нуталгааны эх сурвалжид хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх шүүмжтэй хандах боловч экспертийн дүгнэлтэнд шинжлэх ухааны үндэстэй хэмээн хэт итгэж, сохроор хөтлөгдөхөөс урьдчилан сэргийлж буй хэрэг.

Нуталгааны эх сурвалжийн энэ төрлийг үнэлэхдээ экспертийн чадамж /шийдүүлсэн асуулт түүний эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд багтаж буй эсэх/, шинжлэх ухааны тусгай мэдлэгийг мэргэжлийн түвшинд хэрхэн эзэмшсэн, хэрэгт хувийн сонирхолтой эсэхэд анхаарлаа хандуулбал зохино.

Экспертизийг хэрхэн явуулсан, материаллаг объектыг шинжлэх ухааны аргачлалын дагуу судлаж чадсан эсэх, экспертизийн аргачлалыг зөв мөрдөж, логик дарааллаар явуулж чадсан эсэх, тухайн асуултыг шийдэж чадах шинжлэх ухааны аргыг зөв сонгосон эсэх, судласан зүйлийн ерөнхий болон хувийн онцлог шинжийг зөв, дүүрэн гаргаж чадсан эсэх, түүнд синтезийг зөв хийж тухайн объектын бусдаас ялгарах, давтагдашгүй, хувийн онцлог шинжийг оновчтой сонгож, үнэлэж чадсан эсэх болон агуулга нь ЭБШХ-ийн 162 дугаар зүйлд тохирч буй эсэхэд дүн шинжилгээ хийж, үнэлгээ өгөх хэрэгтэй.

Экспертийн дүгнэлт хир бодитойг үнэлэхдээ экспертизд ирүүлсэн зүйлийн хэмжээ, хувийн онцлог шинж дүгнэлт гарахад хангалттай хүрэлцээтэй эсэх, эксперт хариулбал зохих бүх асуултанд бүрэн хариулт өгсөн эсэх, дүгнэлтийн үндэслэл, хир итгэлтэйд анхаарлаа хандуулах шаардлагатай.

Экспертийн дүгнэлтийг тухайн хэрэгт цуглуулсан нуталгааны бусад зүйлтэй харьцуулан цогц, нийлбэр дүнд нь үнэлэх шаардлагатай. Хэрэв экспертийн дүгнэлт хэрэгт цуглуулсан нуталгааны бусад зүйлтэй бүгдтэй нь болон хэсэгчлэн зөрчилдөж байгаа бол нуталгааны зүйлийг илүү дэлгэрэнгүй судлах шаардлагатай. Экспертийн дүгнэлт хэрэгт цуглуулсан бусад нуталгаатай зөрчилдөж буй ганц баримтыг дангаар нь түүнийг үгүйсгэх үндэслэл болгож болохгүй. Экспертийн дүгнэлт бусад зүйлтэй зөрчилдөж буй шалтгааныг тогтоож, үнэлэлтийг зөв үндэслэх хэрэгтэй.

Экспертийн дүгнэлт бусад зүйлтэй зөрчилдөж байгаа бол зөрүүг гаргахаар экспертийг гэрчээр байцаах, эсвэл нэмэлт буюу дахин экспертиз хийлгэж болно.

Маргаан таслах, тогтоовол зохих асуултыг шинжлэх ухааны хэд хэдэн салбарын тусгай мэдлэг ашиглан дүүрэн тогтооход хамтарсан болон иж бүрэн экспертиз хийлгэх зайлшгүй шаардлага гардаг.

Нэг мэргэжлийн 2-оос олон эксперт оролцон хийж буй экспертизийг хамтарсан, хэд хэдэн өөр мэргэжлийн эксперт оролцон хийж буй бол иж бүрэн экспертиз гэж нэрлэдэг ч манай одоо мөрдөж буй ЭБШ хуулиар түүнийг ялгаж, зааглаж өгөөгүй тул ЭБШХ-ийн 85.2-т заасан: “Шинжилгээ хийлгэхээр хэд хэдэн шинжээчийг томилсон бол тэд нь дүгнэлт гаргахаас өмнө хоорондоо зөвлөж, санал нэгтэй байвал дүгнэлтэд бүгдээрээ гарын үсэг зурна” гэсэн заалт, 85.3-д заасан: “Шинжээчид өөр хоорондоо санал зөрвөл шинжээч санал зөрсөн асуудлаар тусгай саналаа гаргаж, дүгнэлтэд хавсаргана” гэсэн заалт, 162.4 дүгээр зүйлд заасан: “... хэд хэдэн шинжээч дүгнэлт гаргахад оролцож нэгдсэн саналд хүрсэн бол нэг дүгнэлтэд, санал зөрсөн бол саналаа дүгнэлтэд хавсаргана” гэсэн заалтыг үндэслэл болгож байна. Харин манай шинжээчид өөрсдөө хамтарсан экспертиз хийхээ “бүрэлдэхүүнтэй шинжилгээ” хэмээн нэрлэдэг нь зөвшөөрч огт боломгүй нэр. Хүн ганцаар хийж дийлэхгүй зүйлээ өөр хүнтэй хамтран хийхээ “Хоёулаа хамтраад хэдэн мод суулгаадахъя” гэх мэтээр ярьдаг болохоос бүрэлдэхүүнтэй мод суулгана гэвэл хэн ч ойлгохгүй. Тиймээс хамтарсан болон иж бүрдэл экспертизийн тухай ойлголтыг ЭБШХ-д оруулж тусгах зайлшгүй шаардлагатай байна.

Дүгнэлт

Монгол улсын ЭБШХ-д шинжээч, шинжилгээтэй холбоотой дээрх заалтууд боловсронгуй бус байгаа тул практик байгууллагаас санал оруулан боловсронгуй болгох шаардлагатай.

 

 

 



[1] Ж. Хурцгэрэл. Криминалистик. Улаанбаатар. 2002. I боть. 75 дахь тал.

[2]Б. Бат-Эрдэнэ. Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй. Ерөнхий анги. Улаанбаатар. 2004., 99 дахь тал.

[3]  Б. Жаргалсайхан. Учралын газрын үзлэг. Уб. 2008.  13 дахь тал. 

[4] А. А. Эйсман. Заключение эксперта. Структура и научные обоснования. М.1967. 91 дэх тал.

[5]  З. М. Соколовский. Понятие специальных познаний. /Криминалистическая и судебная экспертиза. М. 1969. №6. 202 дахь тал/

[6] Ю. Г. Корухов. Правовые основания применения научно-технических средств при расследовании преступлений. М. 1974. 17-18 дахь тал.

[7] П. П. Ищенко. Специалист в следственных действиях (уголовно-процессуальные и криминалистические аспекты). М. 1990. 8 дахь тал.

[8] В. Н. Махов. Исследование специальных знаний сведующих лиц при расследовании преступлений. М. 2000. 46 дахь тал.

[9] Ж. Хурцгэрэл. Криминалистик. Улаанбаатар. 2002. I боть. 75 дахь тал.

[10] Б. Жаргалсайхан. “ЭБШ хуулин дахь криминалистикийн хэл болон Монгол хэл зүйн зарим асуудал”. Хууль дээдлэх ёс сэтгүүл. 2007. № 3.


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2011-01-17 - зочин танд их баярлалаа

Бичсэн: jagaa
цаг заваа гарган уншиж, дээр нь сэтгэгдэл бичсэн танд гүнээ талархаж буйгаа илэрхийлье. баярлалаа. таны саналыг хүлээн авч байна. би шийдэж болох аргыг өөрийн үзэж буйгаар л санал болгосон юм. угаасаа иймэрхүү юмыг манайд "за тэгье" гээд авчихдаггүй юм шиг байна лээ. чин үнэнээ хэлэхэд энэ талаар өөрийн бодлоо надад илэрхийлсэн хүн нь та, тиймээс зав гарвал jagaa_b2005@yahoo.com руу мсж бичиж санал солилцоорой. баярлалаа, танд ч амжилт хүсье!
. Шууд холбоос

2011-01-17 - saihan iltgel bn aa

Бичсэн: Зочин
shinjeech buyu ekspert mergejilten buyu spetsialist 2 ni uur uur oilgolt gedeg ni hend ch oilgomjtoi asuudal gewch manai eryygiin baitsaan shiitgeh huulid yalgaj huulichlaagyi ni haramsaltai bolowch yyniig shiidwerlehiin tuld orosiin holboonii ulsiin turshlagiig huulbarlan spetsialist gedeg тук tomieog shineer oruulah ni busdiig heterhii dagasan budaa idsen asuudal bolow yy. Eriigiin baitsaan shiitgeh huuliin 28 dugaar zyiliin 28.2.3 28.2.8 28.2.10 t zasnaar hereg byrtgegch murdun baitsaagch ni hergiin gazraas ed muriin barimt tsugluulj hergiin gazriin yzleg hiih укреушпуук яффыфт baidag tegwel yagaad murdun baitsaah albanii derged murdun baitsaagch-mergejilten baij bolohgyi gej tegeed l asuudal shiidegdchih bolow uu.
shinjeech ni zawal yamar negen baigyyllagad hamaaragdah estoigoor eryygiin baitsaan shiitgeh hyylid hyylichilsan gej bichsen bn eryygiin baitsaan shiitgeh hyyliin 159 dygeer zyil shinjilgeeg shinjilgeenii baiguullagaas gaduur hiilgeh jurmiig huulichilsan baihad ene deerh bichsen asuudal shiidegdsend tootsoj boloh bus yy. tand amjilt hysieee
. Шууд холбоос

2010-02-17 -

Бичсэн: Зочин
алга ташилт
. Шууд холбоос

Миний тухай

Хааяа нэг ганц 2 иймэрхүү юм бичихээр хэвлэж өгөх газар хайх гэж төвөг болох юм.

Сүүлийн бичлэгүүд

. ”Miranda warning”, “Предупреждение Миранды” буюу Мираандагийн сануулгын талаар
. АНУ-ын хөл бөмбөгийн од асан, Ж. Симпсоны хэрэг
. ХОВСДУУЛСАН НОХОЙ АЛУУРЧИЙГ ИЛЧИЛЖЭЭ
. тэргүүн байрын шагналт илтгэл
. Экспертийн дүгнэлт, түүний эрх зүйн зохицуулалт
. Одорологи буюу үнэр судлал
. Албаны нохой сургах хичээл
. Гэрэл зургийн түүхээс
. Биет баримт
. ЭБШ хуулин дахь криминалистикийн хэл болон Монгол хэл зүйн зарим асуудал
. Криминалистикийн одорологийн талаар
. At the Crime Scene
. Криминалистикийн үнэр судлалын шинжилгээ
. Хятадууд гэмт хэргийг хүний үнэрийн сангаар илрүүлнэ
. China’s body odor databank sniffs out crime

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Сэмээрхэн
Бичлэг: 5 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax