Ж. Симпсоны хэргийн талаар цухасхан АНУ-ын иргэн Жэймс Сиймпсана (Orenthal James "O. J." Simpson) 1947 оны 7 дугаар сарын 9-нд төрсөн, "The Juice"буюу “Шүүс” нэрээрээ алдаршсан нэгэн бөгөөд чөлөөнд гарсан хөл бөмбөгч, жүжигчин хүн.
1967 оны 7 дугаар сарын 24-нд тэрээр Мааргэрит L. Вийтлийтэй (Marguerite L. Whitley) гэр бүл болж 3 хүүхэдтэй болжээ: Arnelle L. Simpson (1968. XII.4-нд), Jason L. Simpson (1970. IY. 2-нд), Aaren Lashone Simpson (1977, IX. 24-нд). 1979 онд, 2 ой хүрэхээсээ ганцхан сарын өмнө Aaren гэрийнхээ бассейнд живж нас барсан ба тэр жилдээ Сиймпсана Вийтлий нар салсан байна. 1985 оны II сарын 2-нд Сиймпсана Герман гаралтай Нийколь Брааүнэ (Nicole Brown) хэмээх бүсгүйтэй гэр бүл болов. Тэд 2 хүүхэдтэй болсон нь Sydney Brooke Simpson (1985. X. 17) Justin Ryan Simpson (1988.YIII.6) нар бөгөөд 1992 онд тэд салжээ. Нийколь Брааүнэ түүний найз Роональд Гөөүлдмэнэ (Ronald Goldman) нарын хүүрийг 1994 оны 7 дугаар сарын 12-ны шөнө, Калифoрни улсын Лоос Аанжелес хотын Врээнтүүд тойрогт байх Брааүний амьдардаг байрны дэргэд олсон бөгөөд хоёулангийнх нь бие хутганы маш олон тооны шархтай байв. Тэнд үзлэг хийсэн мэргэжилтнүүд аллагыг маш хэрцгийгээр үйлдсэнийг анзаарчээ: хүүхний толгойг бараг таслах дөхөж, Гөөүлдмэний биед байсан шарх, үхэхээс нь өмнө түүнийг тамласныг гэрчилж байлаа. 8 настай охин Сийндий, 5 настай хүү Жаастини нар гэртээ, юу ч мэдээгүй унтаж байжээ. Үүнээс хэдэн хоногийн дараа, 7 сарын 17-нд цагдаагийнхан Сиймпсаныг баривчилсан байна. Алдарт тамирчин цагдаагийн зарлан дуудах хуудас аваад ирсэнгүй тул цагдаа нар түүнийг хайж, арайхийн олсны дараа Сиймпсаныг өөрөө бууж өгөх хүртэл нь машинаар 2 цаг орчим хөөцөлдөж байж барьж авчээ. Сиймпсаны энэ үйлдэл түүний сэтгэл зүйн ачааллаас үүдэлтэй байсан байж ч магад. Тэрээр нуугдахаасаа өмнө найз нартаа “Нийколийн үхэлд би ямар ч хамаагүй нь бүгдэд ойлгомжтой... Намайг бүү өрөвдөөрэй. Би гайхамшигтай амьдралыг туулсан хүн.” гэсэн агуулгатай битүүлэг захидал бичиж үлдээсэн байж. Энэ захидал хэвлэлийнхэд ил болсны дараа нилээд хүмүүс түүнийг амиа хорлохоор шийдэж дээ гэж боджээ. Сиймпсана “Энэ хэрэг гарах үед би гэртээ унтаж байсан тул юу ч мэдэхгүй” хэмээн тас зүтгэсэн хийгээд яадаг ч байсан түүнийг баривчлан шүүхэд өгсөн юм. Эхэндээ түүнийг шийтгүүлнэ гэдэгт бүгд итгэж байсан бөгөөд олон нийтийн санал асуулгын дүн ч тамирчныг буруутай гэдэгт хүмүүсийн дийлэнхи нь итгэлтэй байгааг харуулж байжээ. Гэсэн ч байж боломгүй зүйл болж, хэргийг 8 сар хэлцсэний дараа, 1995 оны 10 дугаар сарын 3-нд тангарагатны шүүхийн коллеги түүнийг цагаатгасан билээ. Эрүүгийн энэ хэрэг АНУ-ын түүхэн дахь хамгийн шуугиантай процесийн нэг байсан бөгөөд хэвлэлийнхний анхаарлын төвд ямагт байсан юм. Шүүх хурлыг зурагтаар дамжуулж, хамгийн жижиг зүйлийн талаар ч сонин, хэвлэлээр шуугиж байсан мөртөө бүх хүнд илт санагдаж байсан энэ хэргийг нутлаж чадаагүй хуулийн байгууллагын алдаа даанч дэндүү. Тийм ч учраас “Time” зэрэг зарим хэвлэл болон олон нийт энэ хэргийг “АНУ-ын эмгэнэл” хэмээн тун оноож нэрлэсэн билээ. Хуулийнхны алдаа. Энэ хэргийг судласан судлаачид гэмт этгээдийг ял завшуулсан нь мөрдөн байцаалт болон яллах талын гаргасан алдаанаас болсон гэж үздэг. Хмгийн том алдаа нь тэд гэрчүүд болон тангарагатны шүүхийнхнийг хэвлэлийнхнээс тусгаарлаж чадаагүй. Жишээлбэл, тэр хэрэг гарсан өдөр Сиймпсаныг Нийколь Брааүний байшингийн дэргэд байхыг харсан гэрч, хэрэг гарахын өмнө тамирчинд 38 см-ийн хутга зарсан худалдагч нарын мэдүүлгийг шүүх нуталгаа болгож чадсангүй. Дээрхи гэрчүүд шар сонинуудад мөнгөөр ярилцлага өгсөн нь үүний шалтгаан болжээ. Сиймпсаны өмгөөлөгч тангарагатны шүүхийнхнийг хэвлэлийнхний болон олон нийтийн саналын нөлөөнд автсан хэмээн нутлаж дөнгөсөн тул эхний шүүх бүрэлдэхүүнийг татгалзсан байна. Сиймпсаныг эхнэрээ байнга хардаж, хамт амьдарч амьдарч байхдаа зоддог байсныг улсын яллагч хэлэхэд өмгөөлөгчид хариуд нь эцсийн бүлэгт нөхөртөө алуулсан хүүхнүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг эмэгтэйчүүдийн ердөө хэдхэн хувийг л эзэлдэг статистик судалгааг гаргаж үзүүлсэн байна. Брааүнэ, Гөөүлдмэнэ 2-ыг алсан учралын газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлсэн Сиймпсаны гарын мөр болон ДНХ-ийн дээжийг үгүйсгэхэд нилээд хэцүү байсан ч өмгөөлөгчид үүнийг ч бас дөнгөсөн билээ. Тэд тангарагатны шүүхийнхнийг дээрхи шинжилгээг хийхэд шинжээч нар алдаа гаргасан хийгээд хэргийг бүртгэсэн эрүүгийн зарим төлөөлөгчид зарим нуталгааг хуурамчаар бүрдүүлсэн гэдэгт итгүүлжээ. Жишээлбэл, төлөөлөгч Маарк Фьюрманыг (Mark Fuhrman) өмгөөлөгчид арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагч болохыг нутлаж, тэр хэргээс 9 жилийн өмнө Африк гаралтай Америкчуудыг доромжилсон өнгөтэй аудио бичлэгийг шүүхэд гарган тавьжээ. Сиймпсаны өмсдөг байсантай адилхан хар савхин бээлий энэ хэргийн бас нэг нуталгаа байсан юм. Брааүнэ болон Гөөүлдмэний цусанд нэвчсэн (шинжилгээгээр энэ бээлийнд Сиймпсаны ДНХ-ийн үлдэгдэл байгааг ч бас тогтоосон) өрөөснийг учрал болсон газраас, нөгөө өрөөснийг нь сэжигтний гэрийн ойролцоогоос тус тус илрүүлсэн байна. Сэжигтэн тэр бээлийг өөрийнхийгээ биш хэмээн үгүйсгэжээ. Яллах тал энд ч бас л том алдаа гаргасан байна. Цусанд нэвчиж агшаад, шинжилгээний явцад хэдэнтээ дэвтээж, буцааж агшаан, анхны хэлбэр, дүрсээ алдсан тэр бээлийг Сиймпсанд өмсүүлж хэмжүүлэхгүй байхыг хэрэг бүртгэгч нар прокурорт зөвлөж байсан боловч прокурор үүнийг заавал хийхийг шаардсан юм. Мөрдөн байцаагчдын бодож байсанчлан, бээлий Сиймпсаны гарт багтаагүй бөгөөд ядаж байхад тэрээр резинэн бээлийн дээр давхарлаж өмсөх гэж оролджээ. Үүнийг өмгөөлөгчид овжин ашиглан, хуульч болон криминалистуудаас биш энгийн жирийн л иргэдээс сонгодог тангарагатны шүүхийн төлөөлөгчдийг “Нэгэнт бээлий Сиймпсанд багадаж байгаагаас цааш түүнийх биш байж таарна” хэмээн итгүүлжээ. Түүнээс гадна, Брааүнэ, Гөөүлдмэнэ 2 шиг эрүүл, чийрэг 2 хүнийг мэргэжлийн тамирчин байхдаа баахан бэртэл авсан, судасны архаг үрэвсэлтэй, 46 настай Сиймпсан ганцаараа хэрхэвч дийлэхгүй гэдэгт өмгөөлөгчид, тангарагатны шүүхийг итгүүлж чаджээ. Хожим иргэний шүүх хохирогчдын садангуудад 33,5 сая долларыг Сиймпсанаар төлүүлэх шийдвэр гаргасан боловч өнөөг хүртэл Сиймпсана төлж гүйцээгүй байна. Сурвалж: www.regions.ru http://en.wikipedia.org/wiki/O._J._Simpson_murder_case
|