Б. Жаргалсайхан

Шинэ блогийн хаяг:
http://bjagaa.blog.banjig.net

2009-03-03

Эх хэлээ эрхэмлэе

 
“Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл                                                                
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүрийд яруу баялгийг нь гайхан биширч
Сод их билэгт түмнээ бишрэн магтмуу би” хэмээн их гүүш, Б. Ринчин гуай эх хэлээ шүлэглэн магтсаныг сонсоогүй, мэдэхгүй хүн байдаггүй биз.
Бидний хэл үнэхээр яруу, аялгуу сайхан хэл болохыг малчин ард түмний минь наад захын хэллэг болох ердийн мэндчилгээ, аман яриа, үлгэр, домог, туульс болон зах зухаас нь сурсан гадны ганц хоёр хэлтэй харьцуулан үзэхэд улам ч их мэдэрдэг билээ.
Харин сүүлийн үед гарч буй сонин хэвлэл, хүмүүсийн яриа, зурагт болон FM радиогийн зарим нэвтрүүлэг зэргийг уншиж, үзэж, сонсож байхад энэ сайхан хэлний минь яруу сонсголон алга болж, бид Монгол мөртөө Монголоосоо “холдсоор” байна уу даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Нийслэлийн гудамжаар нэг болсон сурталчилгааны элдэв самбар, тэр ч бүү хэл албан газрын хаяг, Монгол улсын хуулинд ч алдаа мадагтай зүйл зөндөө тохиолддог болжээ. Өнгөрсөн оноос “Өдрийн сонин” энэ алдаатай зүйлсийг зурагтай нь гарган шүүмжилдэг болсон нь дэмжүүштэй сайн хэрэг.
FM радиогийн болон зарим телевизийн нэвтрүүлэг зэргийг настай хүмүүс үзвэл ойлгохооргүй, хип хоп дууны үгийг үглэж байгаа мэт этгээд, хачин аялгатай ярьдаг болж.
“Хогын сав” гэсэн бичиг, “Асашёрү сангын нэрэмжит ... барилдаан”, “Байгалийн гаралтай эмэгтэйчүүдэд зориулсан эм...” гэсэн сурталчилгаа, “Солонгос улсын шүдний эмнэлэг” гэсэн хаяг, “Бүх төрлийн Япон машины сэлбэг...” гэсэн зар зэрэг нь хэвийн үзэгдэл болжээ.
“Хогын”, “сангын” зэрэг үгийг уншихаар эрэгтэй хүнд эмэгтэй хүний хувцас өмсгөчихсөн юм шиг санаанд бууна.
Байгалийн гаралтай хүмүүст зориулсан тэр эмийг хүнээс гарсан бид мэт уучихвал яах юм бол гэсэн бодол аяндаа зурсхийнэ.
“Солонгос улсын шүдний эмнэлэг” гэсэн хаягийг уншихаар Солонгос хэмээх тэр улс шүдтэй, мөртөө тэр шүд нь өвчтэй, түүнийг нь манай энд эмчилдэг юм байх даа гэж ойлгомоор.
“Бүх төрлийн Япон машин...” гэхээр тэрхүү Япон гэдэг улс их олон төрөл байдаг, олон төрлийн тэдгээр бүх Япон улс үйлдвэрлэсэн машиныхаа сэлбэгийг энд, манай улсад зарж борлуулдаг юм болов уу гэж бодмоор.
 “Дэлхийд танигдсан тал нутгийн сүү” гэсэн сурталчилгааны самбар төв гудамжнаа харагдана. Тал нутаг нь танил болсон юм болов уу, сүү нь танил юм болов уу? Сүүгээ сурталчилж байгаа бол “дэлхийд танигдсан” бус, “дэлхийд танил” нь сүүндээ хамаармаар. Монгол хэлэнд идэвхгүй хэвийн нөхцлийг хэрэглэхдээ танигдсан гэдэггүй, таньсан гэж үйлийн эзнийг голчилдог. “Байшин баригдах, хууль батлагдах, ном хэвлэгдэх” зэрэг хэллэг бол Англи, Орос зэрэг хэлний үйлийн эзнийг бус, үйлэнд өртөх зүйлийг голчилсон, Монгол хэлэнд тааруухан, ядмаг орчуулагчдын оруулж ирсэн үгс. Нэгэнтээ Монгол телевизийн “Гэрэлтэй цонх” нэвтрүүлгийг үзэж суутал ердөө л тавхан хормын дотор “Автомашин хүнээр нэг л өдөр зохион бүтээгдээгүй, ... үйлдвэрлэгдсэн..., ... хийгдсэн...” хэмээн ярьж байх юм. Хүний зохион бүтээсэн, үйлдвэрлэсэн, хийсэн зүйлийг идэвхгүй хэлбэрийн нөхцөл ашиглан илэрхийлэхээр тэр юмс хүний огт оролцоогүйгээр, аяндаа бүтсэн юм шиг болчихож байгааг анзаардаггүй юм байх даа гэхээс харамсмаар.
Монголын чөлөөт ахмадын холбооны байрны үүдэнд бичсэн байсан хэдхэн уриан дотор “Дахин нийслэлчүүдийн өмчийг сүйтгэлээ”, “Иргэдээ өмөөрөх ёстой Болормаагын луйварын ажил” гэсэн зүйл харагдаж байсан. Дахин нийслэлчүүд гэж ямар нийслэлчүүдийг хэлдэг байв гэж, бодвол тэдний өмчийг дахин сүйтгэснийг хэлэх гэсэн хэрэг байх. Болормаагийн гэхэд урт “ий”, луйврын гэхэд “а” үсэг нь гээгддэг бус уу?
“Тийм шүү дээ” мэтийн үгийг, бичихэд амрыг бодон “Тийм ш дээ” гэж бичдэг болсон “Утга зохиол урлаг” сониныг ч шүүмжлүүштэй. Энэ чиглэлийн цорын ганц тогтмол хэвлэл маань өөрөө ядахдаа бүдүүлэг алдаа гаргадагүй байвал сайнсан. Англичууд “please” гэдэг үгээ бичихэд амрыг бодон “pliiz” гэж бичдэггүй шүү дээ.
Монгол бичгийг болон “Хуучнаар БНМАУ”, “хуучнаар УБДС“ мэтээр зарим нэрийг тодорхойлдог “хуучин” хэмээх тодотгол огт шаардлагагүй зүйл. “Шинэ” монгол бичиг, “Шинээр БНМАУ”, “шинээр УБДС” гэж байхгүй шүү дээ.
Ямар ч хэлэнд бичгийн болон ярианы /амьд/ хэл гэж байдаг. Монгол бичгээ мэддэг болов уу гэмээр хүмүүс “хүмүүн” хэмээн цэцэрхэн ярих нь нилээд бий. Монгол бичгээ бичгийн хэлний аялгуугаар нь ярьж дадах хүртлээ гаргууд сурч эзэмшихээд, ярианы хэлээ мартчихсан хүн юм бол “гадагаду улус”, “галагу шибагу”, “удха жохиеэл урлиг” сонин гэх мэтээр яримаар.
Тэрчлэн үгүүлбэр болгоныхоо эхэнд, эсвэл завсарлага авах бүрийдээ “за, одоо, аа, болвол” гэх мэтийн сул үг хэрэглэж яригчид олширч, зурагтын нэвтрүүлэг хөтлөгчид хүртэл ингэж ярьж буй нь бас л харамсам хэрэг.
Монголчууд хүчээ нийлүүлэн өргөх зэрэгт “нэг, хоёрын, гурав аа” гэдэг. Харин сүүлийн үед “нэг, хоёрын, гурав аа, ии-ий” гэж нилээд сонстох болж. Энэ нь бас л гаднаас орж ирсэн уухай. Оросууд хүчээ нийлүүлэхдээ “и... раз, и... два, и... три” гэж тоолдог. Цэргийн параданд манайх саяхан болтол хэрэглэдэг байсан “счет” командаар алхаагаа жигдлэхдээ хэн нэг нь “счет” хэмээн өндөр дуугаар хашгирахад Оросууд дараагийн хөлөөс шууд эхлэн “и...ии... раз, два, три, четыре, пять” гээд хараагаа гаргаж зэрэгц командад шилждэг, манайхан зүүн хөл тутамд “счет, и...ии ... раз” хэмээн шилждэг байсан. Энэ мэтээс манайхан “ий” гэдгийг авсныг одоо хир орхиж чадахгүй байгаа хэрэг.
Шаардлагагүй холбоо үгээр ярьсаар хэвшсэн зүйл манайд нилээд байна. Монгол хэлний нуталгаа буюу, одоогийнхоор нотлогоо гэх ёстой үгийг “нотлох баримт”, зам тээврийн ослыг “осол аваар”, дарааллыг “оочир дугаар”, шатахууныг “бензин шатахуун”, эсвэл “бензин тос”, болсон аливаа явдлыг “үйл явдал”, ямар нэгэн юмны эцсийн дүнг “үр дүн”, шуурхай гэхийг “хурдан шуурхай”, ямар нэгэн юмны хэмжээг, эсвэл оврыг “овор хэмжээ” гэж огт 2 өөр үгээр, амгалан гэхийг “амгалан тайван”, нэрийг “нэр томъёо” мэтчилэн буруу ярьсаар тэр нь хэвшиж, одоо иймэрхүү үгийг дангаар нь хэлэхэд ойлгохгүйд хүрдэг болжээ. Гэмт хэрэг үйлдсэнийг болон хэрэгтэн этгээдийг гэрчлэх мөрийг бид “ул мөр” гэдэг бол өвөр Монголчууд “ор мөр” гэдэг бөгөөд, манайхаар ингэж хэлдэг гэхээр 2 биенээ харилцан шоолж байдаг нь, түүнийг тодотгож буй, илүү үгнээс болж буй хэрэг. Юмны байгаа төлвийг “нөхцөл байдал” хэмээн огт 2 өөр утгатай үгээр ярьж байгаа бөгөөд байдал гэвэл биет баримт зэргийн тухайн үед байгаа бодит төлөв, нөхцөл нь гэрэлтүүлэг, дулаан, байгалийн хүчин зүйл зэргийн төлвийг хэлдэг.
“Байдалтай” гэдэг үгийг оновчгүй хэрэглэсэн жишээ манай хуулийнханд нилээд бий. “Үзлэг хийж буй өрөөний цонх онгорхой байдалтай байна...”, “Шинжилгээнд объектуудыг задгай байдлаар ирүүлжээ...”, “Хэвлийн тус газраа хутгалуулсан байдалтайгаар нас барсан...” зэрэг хэллэгийг учралын газрын үзлэгийн болон байцаалтын тэмдэглэл, хоногийн рапорт зэргээс хэд л бол хэдийг олж харж болно. “Цонх онгорхой байна.”, “Объектыг задгайгаар ирүүлжээ.” гэвэл хүн ойлгоно, харин онгорхой байдалтай, задгай байдалтай гэвэл онгорхой биш, задгай биш, тэгсэн мөртөө хаалттай, битүүмжилсэн бас биш байж гэж, тэгэхээр чухам ямар байсныг ойлгохгүйд хүрнэ. Зүрх, уушиг зэрэг эрхтнийг хүн харахгүй, зүрхэндээ, уушгиндаа хутгалуулсан эсэхийг мэдэхгүй тул зүрхэн тус, уушгин тус газраа хутгалуулсан хэмээн ярьж болох. Харин хэвлий, дал зэргийг хүн харж байгаа тул, тус газраа шархтай хүн, амьтныг “хэвлийдээ, даландаа шархтай” гэж ярьдаг.
Нэг дахин их буюу бага хэмээх хэллэг нийтэд нилээд тархжээ. “Ахад 3 дэвтэр, дүүд түүнээс хоёр дахин их дэвтэр байжээ” гэвэл хүн зургаа гэж ойлгоно, гурвыг хоёроор үржихэд зургаа гарна. Харин нэг дахин их гэвэл гурвыг нэгээр үржихэд гурав л гарах тул түүнийг зургаа гэж ойлгох нь огт буруу хэрэг. 
Эмнэлгийнхэнд “Нойлоос ... насны хүүхдийн...” гэсэн нэр томъёо ихэд тархсан байдаг. 0-6; 0-12 гэсэн математик тэмдэглэгээ байхыг үгүйсгэж болохгүй ч ярихдаа “12-оос доош насны”, эсвэл “12 хүртэл насны” гэвэл бүрэн ойлгоно. “0” настай хүүхэд гэж эхийн хэвлийд байгаа хүүхдийг хэлэх үү, гарчихаад ой хүрээгүй байгаа хүүхдийг хэлэх үү? Хий нас тоолдог өвгөдийнхээ ухаанаар бол хэвлийд буй хүүхдийг хэлмээр ч, ингэж ярьдаг хүмүүс гараад ой хүрээгүй хүүхдийг л хэлээд байгаа. Алинаар нь ч бай тэг настай хүн гэж огт байхгүй. Саяхан зурагтаар нэгэн сурвалжлагч эмэгтэй: “Би доонор болж цусаа өгөх гэсэн чинь нойлоос 2 насны хүүхэдтэй болохоор болохгүй юм байна” гэж ярьж байсан. Энэ тохиолдолд Монголчууд “Би нэг ойтой хүүхэдтэй”, “Ой таван сартай хүүхэдтэй” гэх мэтээр ярьдаг. Тэр сурвалжлагч хүүхэн хэдэн хүүхэдтэй хийгээд хүүхэд тус бүр нь хэдэн настай юм бол гэдгийг би л лав ойлгоогүй.
Ердөө л нэг байгаа зүйлийг цорын ганц гэж, эсвэл нэгийг чамлахаараа ганцхан гэдэг. Харин сүүлийн үед нэгхэн гэж ярих болсон хийгээд TV хөтөлбөрөөр хүртэл “...танд нэгхэн боломж байна...” гэж байгаа нь их муухай сонсогдох юм. 
УИХ-ын чуулганы хуралдаан, Монгол улсын хуулинд хүртэл буруу зөрүү, маргамаар зүйлс нилээд тохиолддог. Нэгэн хуралдаан дээр У. Хүрэлсүх гишүүн Л. Гүндалай гишүүнийг “...улсаас нилээдгүй юм цохисон нөхөр байх...” гэж байгаа дуулдсан. “Нилээд” гэдэг үг юмны ихийг заадаг бол нилээдгүй гэхээр бага хэмжээтэй зүйлийг хэлж байгаа юм болов уу? Гэтэл ярианы ерөнхий өнгөнөөс үзвэл “нилээдгүй” биш, “нилээд”, “чамгүй” гэдэг утгаар яриад байгаа бололтой байсан. “Нилээдгүй” гэдэг үг “нилээд” гэдэг утгаараа хүмүүсийн дунд ихэд түгж, TV нэвтрүүлгээр ч ингэж ярих болжээ.
Мөн “...44 УИХ-ын гишүүн...” гэж зарлах. Дэлхийд тийм олон УИХ байдаг л юм байх даа? Манай 1 УИХ-ын 76 гишүүн, дээр нь гадаадын 43 УИХ-ын их л олон гишүүн нийлж 44 УИХ-ын гишүүд чуулсан нижгэр хуралдаан болсон байж таараа. Иймэрхүү зүйлийг ярихаар “Монгол хүн буруу ярьж зөв ойлгодог” гэж зарим хүмүүс буруушаадаг. Тэгвэл өдрийг шөнө, шөнийг өдөр гэх мэтээр ярьж хэлэндээ өөрчлөлт оруулан нэг мөр тонгоргон хэл болгож буруу ярьдаг болох хэрэг үү?
Нэгэнтээ Монгол телевизийн мэдээгээр нэгэн зөгийчин “60 кг зөгийн балтай нийслэлд ирсэн” тухай ярьж байхыг сонсоод хүн шиг том зөгий санаанд шууд бууж ихэд цочирдов. Балыг зөгийн, харандааны, хөнгөн цагааны зэргээр тодорхойлж болох ч балны жинг заасан энэ үгүүлбэрт уг тодорхойлолт илүү. Зөгийний тухай ярьж байсан хүн “60 кг бал” гэж яривал хэн ч харандааны юм уу, эсвэл хөнгөн цагааны бал гэж ойлгохгүй, зөгийн балыг ярьж байна гэдгийг ойлгоно шүү дээ.  
Бас нэгэнтээ зурагтын суваг сольтол “... Ёслолын арга хэмжээний дараа ерөнхийлөгч Найдангийн Түвшинбаярт ...” гэхийг сонсоод Түвшинбаярыг медаль аваад ирэхээр нь ерөнхийлөгч албан тушаалаа өгчихсөн юм болов уу гэж хэсэг зуур самгардахад хүрэв.
Манай хуулиудад ч мушгиж ойлгож болохоор зүйл нилээд байгааг хаа хаанаа анхаарууштай. Хуулийн ухагдахуун, нэр томъёог хүн буруу ойлгохоор, түүнийг гуйвуулан тайлбарлаж болохоор байж огт болохгүй, энэ нь “хуулийн цоорхой” хэмээн манайхны нэрийддэг тэр хийдэл гарах сурвалж болж өгнө. Тухайлбал эрүүгийн болон ЭБШХ-д Монгол хэлний идэвхигүй хэвийн нөхцлийг маш их хэрэглэдэг нь туйлын буруу. Ял оноох гэвэл ялыг хүнд оноохыг хэлж байна гэж хэн ч ойлгоно. Харин ял оногдуулах гэвэл ял нь шийтгүүлэх шаардлагатай этгээдэд өөрөө очоод оногдчихдогийг хэлэх ёстой. Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 1-д: “Ялтан шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн түүнийг ялгүйд тооцох буюу ялгүй болох өдөр хүртэл хугацаанд ялтайд тооцогдоно” гэсэн заалт бий. Бас л идэвхигүй хэвийн нөхцөл хэрэглэсэн нь ялтныг ялтайд тооцох бус ялтан өөрөө сайн дураараа ялтайд тооцогдохыг хэлж байгаа мэт. Ялгүй болох өдөр хүртэл түүнийг ялтайд тооцох нь зөв ч яахаараа шүүхийн тогтоол гарсан өдрөөс түүнийг ялгүйд тооцох учиртай байдаг билээ? Зүй нь гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж буй этгээдийг “Ялтныг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн, ялгүй болох өдөр хүртэл нь ялтайд тооцно” гэсэн санаа байх ёстой.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 127 дугаар зүйл үзлэг хийх ажиллагааг журамладаг. Мөн зүйлийн 1-д зааснаар “Үзлэг хийхэд хөндлөнгийн 2 гэрч байлцуулна”. Нэгэнт гэрч байлцуулна гэж байгаа юм чинь 2 гэрч ямар нэгэн юмыг бидэнд байлцуулж өгөхийг хэлж буй хэрэг бус, харин 2 гэрчийг заавал байлцуулахыг хэлж байгаа юм байх даа гэж бодтол мөн зүйлийн 2-т: “Хөндлөнгийн гэрч байлцуулах боломжгүй тохиолдолд үзлэгийг түүний оролцоогүйгэр явуулж явц, үр дүнг техник хэрэгсэл ашиглан бэхжүүлнэ” гэж заасан бий. Тэгсэн хирнээ хөндлөнгийн гэрчийг оролцуулах ажиллагааг журамласан 192 дугаар зүйлийн 1-д “Үзлэг, нэгжлэг хийх, хураан авах, түүнчлэн энэ хуульд хөндлөнгийн гэрч оролцуулахаар заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын бусад ажиллагаа явуулахад 2-оос доошгүй хөндлөнгийн гэрчийг заавал оролцуулна” гэж заасан байдаг. Тэгэхээр манай хуулиар мөрдөн байцаалтын үзлэгийг хийхдээ хөндлөнгийн гэрчийг оролцуулах нь ч, эс оролцуулах нь ч хоёулаа л хуулийн шаардлагыг хангаж байна. Мөрдөн байцаагч үзлэгийг ганцаархнаа очиж хийчихээд, биччихээд ирсэн байхад л, үзэг өөрөө бичгийн хэрэгсэл тул, манай хуулийн “техник хэрэгсэл ашиглан” бэхжүүлэх шаардлагыг хангачихаж байгаа юм.
Иймээс хуулийн ойлгомж муутай, мушгин тайлбарлаж болохоор зүйлд анхаарч, залруулан, криминалистикийн хэлний нэгдмэл ойлголтонд оруулж, нэр оноон эрэмблэх, хуулийн хэлний найруулгыг сайжруулах, түүнийгээ хуульчдийн сургалт, давтан сургалтанд зааж сургах зайлшгүй шаардлагатай.
Сүүлийн үед гадаадын киноны орчуулганд ихэвчлэн сонстох болсон “хадам дүү, үеэл ах, дүү” зэрэг үгс ихэд дэлгэрчээ. Хадам дүү гэдгийг нь “хүр дүү” гэж, үеэл ах, дүү гэдгийг ах дүүсийн, эсвэл эгч дүүсийн хүүхдүүд буюу “бүлүүд, бөөсөө хувааж идэх бүл хүүхдүүд” гэж эцэг өвгөд минь ярьсаар ирсэн.
Мөн орчуулгын кино, танилцах зар дээр эмэгтэй хүнийг гэрлэх гэж ярих нь нилээд дуулдах болж. Гэрлэх гэдэг үг өрх гэр толгойлох гэсэн санаа бүхий, эрэгтэй хүний тухайд ярьдаг үг.
“Элсэн цаг” нэвтрүүлгийн урианд “Бид саятанг төрүүлнэ” гэсэн үг харагдаж байдаг. Мөн нэг нэвтрүүлгээрээ ломбаардны тухай “... болсонг ...” гээд асуулт тавьж байсан. Хэлний угийн “н” үсгээр төгссөн сан мэтийн зарим үгийг л гэхээс иймэрхүү үгийг Монголоор бол саятныг, болсныг гэж яримаар. Жишээлбэл, бид хоорондоо “тэр хүнийг хар даа” гэх мэтээр ярьдаг болохоос хүнг гэж ярьдаггүй.  
Сурталчилгаа болон дууны клип хийж буй хүмүүс ч анхаармаар зүйл байна. Зууны манлай дуучин Сарантуяа “...Сульдаа ганхам жороолог доо...” хэмээн дуулж буй нь “Царай сайтай амрагаа царайлаг гэж байгаа юм чинь, жороо сайтай морио жороолог гэдэг байх” гэж ухаарсных байх. Үүнтэй төстэйгээр, “эмэгтэйлэг, залуулаг” мэтийн утгагүй, этгээд үгс залуусын дунд дэлгэрч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүртэл түүнийг нь дэмжиж буй мэт хэрэглэн “Залуулаг харагдаж байгаа биз?” мэтийн сурталчилгааг тогтмол явуулж байна.
Сүүмоч Даваажаргал ааваараа эхэлж мэнд мэдүүлээд “Өө сайн, юу байна?” хэмээн хариу мэндэлж байгаа клипийг бид бүгд үзэж байгаа ч дуучин ч, аав, хүү хоёр ч, иймэрхүү клип, сурталчилгааг бүтээсэн уран бүтээлчид ч, үзэж буй үзэгчдийн нилээд нь ч түүнийг анзаарахгүй байгаа нь нөгөө л монголоосоо холдож буйн шинж. 
Сүүлийн үед хүмүүс “Юу байна?” гэж мэндэлдэг болчихсон. Нилээд удаан уулзаагүй нэгэн танилтайгаа тааралдаад мэндлэх гэтэл өөдөөс “Юу байна?” гэхээр нь арга ядсандаа “Тайван даа, чамаар сонин юу байна?” гэтэл “За тэгээд юу байна?” гэж дахин асуух юм. Бодвол эхнийх нь “Сайн байна уу?” гэж, хоёрдахь нь “Тарган сайхан өвөлжиж байна уу?” юм уу, эсвэл “Сонин сайхан юу байна?” гэж асууж буй нь тэр бололтой.
Нутаг нутагт өөр байдаг байх. Манай тийшээ (Говь-Алтай) цагаан сараар ахмад хүнээс мэнд асуухдаа хөөргөө гарган тамхилж, эрэгтэй хүнээс “Таны бие амархан, сүрэг мэнд байна уу?” гэж, эмэгтэй хүнээс сүрэг асуулгүйгээр “Таны бие амархан байна уу?” хэмээн мэнд мэддэг. Дараа нь “Өвөлдөө өнтэй орж, тарган тавтай хаваржиж байна уу?” гэх мэтчилэн мэндэлдэг. Хөгшчүүлийн асуусан асуултыг яг тэр үгээр нь хариулаад, мөн тэр үгээр нь эргүүлэн асууж мэнд мэддэг заншилтай. Жишээлбэл дээрхи асуултанд “Өвөлдөө өнтэй орж, тарган тавтай хаваржиж байна аа. Та өвөлдөө өнтэй орж тарган тавтай хаваржиж байна уу?” гэх жишээтэй. Ийм мэндчилгээ одоо ховорхон сонсогдох болжээ.
Цасны их багыг заасан шувууны мөр, богийн хар туруу, бодын хар туруу, морины сагаг, морины тушаа, өвдөг, хаа гэхчилэн үг байдаг. Үүнийг хоцрогдсон, бүдүүлэг баримжаа гэвэл ядахдаа мм, см-аар илэрхийлж болмоор. Монголын радио, телевиз, бусад телевиз, радиогоор “... нутгаар цасан бүрхүүлтэй” гэж сонстох юм. “За танай тийшээ цас зуд ямар байна даа?” гэж асуухад малчин ард маань “Манай тэнд цасан бүрхүүлтэй байна” гэж ярьдаггүй билээ.
“Морь харах” гэдэг хэллэг 90-ээд оноос дэлгэрч, одоо нийтээр “бие засах” гэж ойлгох хэмжээнд хэрэглэж байна. Уг нь “мөр харах” гэдэг үгээр илэрхийлдэг, “өтгөн мөр, шингэн мөр” гэж ялгадаг үг байдаг байсан гэж МУИС-ийн хэл шинжлэлийн нэгэн багш ярьж байсан.
Энэ мэтээр бид төрөлх хэлнээсээ улам “холдсоор” байгаа нь юуны өмнө эцэг эх бид үр хүүхдүүдээ бага наснаас нь оньсого, таавар, үлгэр домог болон ярианы соёлын хамгийн энгийн хэлбэр болох мэндчилгээний үгс зэргийг зааж сургахгүй, үүнийг өөрсдөө ч мэдэхгүй байгаа, арван жилийн сургалтанд эх хэл, төрөлх утга зохиолын сургалтын цаг хүрэлцээгүй, чанар хангалтгүй байгаа, хүүхэд залуусыг номтой нөхөрлүүлэх талаар эцэг эх, сургууль бага анхаарах болсон зэргээс үүдэлтэй болов уу гэж санагдана.  
 Хэл судлаачид, эрдэмтэн мэргэд, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд бүгдээр эх хэлээ эрхэмлэхийн чухлыг анхаарууштай.
 


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2010-09-05 - dajq shvv

Бичсэн: Garin
mongol helnii dvrmiig neg mor bolgoh l heregt bgaa yum shig.deedsvvd ajlaa hiigeed byryy zow hayagiig hyanadag gazar ni hyanaad bwal ярзайтал инээх
. Шууд холбоос

2009-03-04 -

Бичсэн: gereltuya
Эхний ээлжинд хөндөж тавьж байгаа сэдэв тань монгол хэлний найруулга зүйн болон зөв бичгийн алдаа мадгийн талаар бололтой. Алдаатай бичдэг буруу найруулдаг жишиг хаа сайгүй тогтсон. Тэгээд ч зарим үг буруу хэлэгдэж бичигдсээр байгаад хэвшил болчихсон. Мэдэхгүй юм. Гэхдээ ямар ч байсан монгол бичгийг төрийн бичиг болгодоггүй юм гэхэд бид залуучууд уншиж бичиж сурах хэрэгтэй. Крилл үсгийн хувьд эрдэмтэн мэргэд гэж байдаг юм бол энэ дурмээ аятайхан хүнд ойлгуулахаар болгочих нь зүйтэй болов уу.
. Шууд холбоос

2009-03-04 -

Бичсэн: dao
Зурагтаар мэдээ үзэхээр уур хүрээд байдийшд 25н тэр хэл муутай сдортын хөтлөгч байна тийм хүнийг хөтлөгч хийлгэж л байдаг нээрээ
. Шууд холбоос

2009-03-04 -

Бичсэн: honzo
Манай хэвлэл мэдээллийнхэн хамгийн түрүүнд зөв алдаагүй, бас утга найруулгатай бичиж байж л сайжрана
. Шууд холбоос

Миний тухай

Хааяа нэг ганц 2 иймэрхүү юм бичихээр хэвлэж өгөх газар хайх гэж төвөг болох юм.

Сүүлийн бичлэгүүд

. ”Miranda warning”, “Предупреждение Миранды” буюу Мираандагийн сануулгын талаар
. АНУ-ын хөл бөмбөгийн од асан, Ж. Симпсоны хэрэг
. ХОВСДУУЛСАН НОХОЙ АЛУУРЧИЙГ ИЛЧИЛЖЭЭ
. тэргүүн байрын шагналт илтгэл
. Экспертийн дүгнэлт, түүний эрх зүйн зохицуулалт
. Одорологи буюу үнэр судлал
. Албаны нохой сургах хичээл
. Гэрэл зургийн түүхээс
. Биет баримт
. ЭБШ хуулин дахь криминалистикийн хэл болон Монгол хэл зүйн зарим асуудал
. Криминалистикийн одорологийн талаар
. At the Crime Scene
. Криминалистикийн үнэр судлалын шинжилгээ
. Хятадууд гэмт хэргийг хүний үнэрийн сангаар илрүүлнэ
. China’s body odor databank sniffs out crime

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Сэмээрхэн
Бичлэг: 24 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax